Thursday, November 01, 2007

МОНГОЛ ДАХЬ ПАРЛАМЕНТАТ ЁСНЫ ТӨЛӨВШИЛ

Монгол улс ардчиллын үнэт зүйлсийг тулгуур болгосон хөгжлийн
загварыг сонгосноос хойш арван найман жил, ардчилсан Үндсэн хууль
хэрэгжиж эхэлснээс хойш арван зургаан жил болж байна. Парламент нь
нэг талаас Үндсэн хуулинд зааснаар хууль тогтоох , нөгөө талаас ард
түмнийг төртэй холбож байдгаараа төрийн удирдах дээд байгууллага
болж байдаг. Монгол орны хувьд парламентын засаглалыг сонгоод
түүхийн богино хугацааг туулсан мэт боловч парламентын өөрийн гэсэн
өнгө төрх бодит утгаараа илрэх болсон. Энэ бол хөгжлийн зүй тогтол
бөгөөд хөгжлийн үед бий болсон бэрхшээлүүдийг даван туулж, зорьсон
зорилгодоо хүрэхийн тулд парламентат ёсыг төлөвшүүлэхэд судлах
зүйл маш их байна. Доктор, профессор Б Чимид, доктор профессор Д
Лүндээжанцан, доктор профессор Б Ганбат, доктор профессор Б
Дэлгэрмаа, доктор профессор Я Долгоржав, С Төмөр, Б Баттүвшин, Ч
Энхбаатар, Т Сэнгэдорж, А Пагма, О Баттулга, Д Дашцэдэн, Ч Лхагважав
нарын олон эрдэмтэн, судлаачид парламентат ёсны онол, үүсэл хөгжил,
төлөвшлийн асуудлаар эрдэм шинжилгээ судалгааны ажил, эрдэм
шинжилгээний бүтээл, ном бүтээл туурвисан байна.
Парламентын засаглал төлөвшиж тодорхой хөгжлийн түвшинд боловч
цаашид судлах зүйл маш их байна. Парламентат ёсыг төлөвшүүлэхийн
тулд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн өмнө шийдэхэд хүндрэл,
бэрхшээлтэй олон асуудлууд байгаа боловч иргэдийн улс төрийн
мэдлэгийг нэмэгдүүлэх, идэвхижүүлэх, тэдэнд парламент ба
парламентат ёс гэж чухам юу болохыг ойлгуулах, эрх зүйн шинэтгэл
хийхэд тэдний оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй
байна.